
Б.Золзаяа: Стрессээс ангижруулдаг гол эм нь хөдөлгөөн
Стресс гэж юу болох, түүний хор уршиг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сэтгэл судлаач Б.Золзаяатай ярилцлаа.
ӨӨРИЙГӨӨ ҮНЭ ЦЭНЭГҮЙ ГЭЖ МЭДРЭХ НЬ ХҮНИЙГ ХАМГИЙН ИХ СТРЕССДҮҮЛДЭГ
-Сүүлийн үед судлаачид нийгмийн бухимдлаас болж стресс газар авлаа гэж ярих болж. Чухамдаа стресс гэж юуг хэлээд байна вэ гэх тодотголоос яриагаа эхэлье?
-Стресс гэдэг нь сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой байдлаа алдах буюу баланс алдагдахыг хэлнэ. Нөгөө талдаа гадаад ертөнцийн бодит юмст хүн эерэг болон сөргөөр хандаж байгаа хүртэхүйн тухай асуудал. Тэгэхээр мэдрэмжийн тухай асуудал гэсэн үг. Стресс нь ихэнхдээ уур бухимдал, асуудалд хэт шүүмжлэлтэйгээр хандах, сөрөг байр суурьтай байх, нийгмийн сайн сайхан зүйлийг олж харахаа болих зэргээр илэрдэг. Хүмүүс стрессийг хор хөнөөл багатай байдаг л зүйл мэт буруу ойлгодог.
Эхлээд бид яагаад стрессдээд байгаа вэ, ямар зүйлд сэтгэл санаа зовж байгаа вэ гэдгээ олох ёстой. Тэр стрессээ тайлж, олж чадахгүй байгаа учраас стресс нь улам хүндэрдэг. Стрессийг үүсгээд байгаа хүчин зүйлийг олох юм бол аливаа зүйлд уурлаж бухимдах мөн сэтгэлийн хөдөлгөөнөө буруу биш зөв илэрхийлж сурдаг.
Монголчуудын өвчлөлийн 95 хувь нь стрессээс үүдэлтэй байна. Монголчууд олон төрлийн хавдрын өвчлөл болон таргалалтаар дэлхийд толгой цохиж байна. Энэ бол стрессийн үр дагавар мөн. Нийгэм бүхэлдээ дарамт, хүчирхийлэл рүү шилжиж байгаа нь хүмүүсийг стресстэй байгааг харуулж байгаа юм. Ер нь амьдралынхаа утга учрыг хүн бүр олох хэрэгтэй. Өөрийгөө олсон хүн стресст зөв хариу үйлдэл үзүүлж чадна.
-Хотжилтийн сөрөг үр дагавар нь хүмүүст стрессээр илрээд байх шиг?
-Хотжилт нь өөрөө стрессийн нэг шалтгаан. Автомашины түгжрээ, дуу чимээ, гадаад орчны бохирдол, утаа, ажлын давчуу орчин, хүмүүсийн таагүй харилцаа гэх мэт алхам тутамд стресс үүсгэх хүчин зүйлс нь хотжилтын дүнд бий болдог. Хотжилтын элдэв сөрөг нөлөөлөлд амьдардаг хүнийг хөдөө хээр талын аниргүйд мал маллах малчинтай харьцуулашгүй.
–Мэдээж стресс үүсэх олон шалтгаан бий. Үүнээс бидэнд тохиолддог дийлэнх шалтгаан нь юу байна вэ?
-Бусад хүмүүс өөрийг нь ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байх, өөрийгөө үнэ цэнэтэйгээр мэдрэхгүй байх мэдрэмж нь хүнийг хамгийн их стресст оруулдаг. Ихэнх хүн “Фитнесст явж турна”, “Англи хэл сурна” гэж боддог мөртлөө харин үйлдэл нь зөрдөг. Энэ нь стрессийн нэгээхэн хэсэг юм. Өөрөөр хэлбэл, дотроо л бодоод яваад байдаг. Би турмаар байна гэчихээд ямар нэгэн үйлдэл хийхгүй байх нь хувь хүн, өөрийгөө үнэлж байгаа үнэлэмжтэй шууд холбоотой. Бид ихэвчлэн стресс сөрөг зүйлүүдээр үүсгэгддэг гэж боддог. Гэвч өөртөө хэт өндөр шаардлага тавьснаар өөрийгөө дарамтад оруулж мэднэ. Мэдээж бүгд биш боловч зарим стресс дандаа гадны хүчин зүйлээс хамааралтай байдаггүй. Жишээ нь, ямар нэг зүйлийн тухай шалтгаангүйгээр хэт санаа зовох эсвэл амьдралын тухай гутранги бодолтой байх нь стрессийг өөрөө өөртөө бий болгож байгаа юм.
Хүний бие махбод, оюун ухаан нь бухимдуулаад байгаа тэр зүйл их том бэрхшээлтэй зүйл байна уу, бага зэргийн жижиг асуудал байна уу гэдгийг харамсалтай нь ялгаж чаддаггүй гэдгийг дээр дурдсан. Тэгэхээр бухимдаж, цухалдаж, зовинуулаад байгаа тэр асуудал бүхэн том жижгээсээ хамааралгүйгээр байнга давтамжтай давтагдаад байвал стресс үүсгэх хүчин зүйл болоод байна л гэсэн үг юм. Тухайн хүний тойрон хүрээлж байгаа харилцаа нь эерэг байх тусам сэтгэлзүйн дархлаа нь бат бөх байдаг.
-Хүн стрессдэхээрээ архи уух хандлага ажиглагддаг, архи үнэхээр стресс тайлдаг уу?
-Хамгийн буруу зүйл. Архи хэзээ ч стресс тайлахгүй. Архи ууснаар төв мэдрэлийн системийг хүчээр дарамталж, хэсэг хугацаанд сааталд оруулж байгаа хэрэг юм. Харин дараа нь эргээд л стресс сэргэж ирдэг. Хүмүүс уурлаж бухимдах үедээ тамхи татахыг чухалчилдаг нь мөн л архитай адил түр зуурын саатал үүсгэж байгаа юм. Стрессийг архи уухаас бусад аргаар тайлж байх хэрэгтэй. Стрессээс гарч чадалгүй удаан хугацаагаар явснаас элдэв өвчин үүсэх нөхцөл шалтгаан болдог.
-Тэгвэл ямар аргаар стрессийг тайлах вэ?
-Стрессийг бууруулдаг түгээмэл гурван төрлийн арга байдаг. Нэгдүгээрт, өөрийнхөө сэтгэл санааг бухимдуулж байгаа зүйлийг бусадтай хуваалцах. Хоёрдугаарт, спорт, идэвхтэй дасгал хөдөлгөөн. Гуравдугаарт, дуртай зүйлээ хийх буюу өөрийн хийж байгаа зүйлээс сэтгэл ханамж авах замаар стрессийг бууруулж болдог. Хэн хамгийн их стресст өртөж байна вэ гэхээр дасгал хөдөлгөөн хийдэггүй, бусадтай санаа бодлоо хуваалцдаггүй, дуртай зүйлээ мартсан буюу өөрийгөө мартсан хүмүүс стресст өртдөг. Бид “Завгүй” гэсэн шалтгаан хэлж явсаар стресст “идүүлж” байна.
АЖЛЫН БАЙРНЫ СТРЕСС ХАМТ ОЛНЫ ТААГҮЙ УУР АМЬСГАЛААС ҮҮСДЭГ
-Нэгэнт стрессийн талаар ярьсан болохоор ажлын байрны стрессийг дурдахгүй өнгөрч болохгүй нь. Ихэнх хүн ажлын байран дээрээ ямар нэг тохиолдлоор дарамт шахалтыг мэдэрдэг. Ажлын байранд стресс үүсгэх шалтгаан нөхцөл нь юу вэ?
–Ажлын байранд удирдлагын соёл, хамт олны уур амьсгал, ажлын орчин нөхцөл, цалин хангамж гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх явцад ажиллах нөхцөл, ажлын ачаалал, хамт олны уур амьсгал, харилцаанаас тэдний сэтгэл санаа, бие организмд үүссэн дарамт, түүнийг даван туулах, дасан зохицох гэсэн хүч энерги бүхий хариу үйлдлийг ажлын байрны стресс гэж үзнэ. Хамгийн чухал нь тухайн байгууллага нь ажилтнаа хэрхэн үнэлж дүгнэдэг болон удирдлага ажилчдын хоорондын харилцаа их чухал. Ажлын байрны стресс хамт олны таагүй уур амьсгалаас үүсдэг. Ажлаас гарч байгаа хүмүүсийн шалтгааныг цалин хангамж бус хамт олны уур амьсгал эзэлдэг. Сөрөг хамт олон дунд хүн удаан тэсэхэд хэцүү. Харин ажлын байрны стрессийн түгээмэл шалтгаануудаас дурдвал ажлын хэт ачаалал, ажлын уйтгартай хэв маяг, ажлын байран дахь харилцааны зөрчил гэх мэт.
–Хамт олны уур амьсгал чухал гэлээ. Тэгвэл олон эмэгтэй ажилтантай байгууллага дунд хов жив тасардаггүй сөрөг тал бий. Үүнийг хэрхэн даван туулах вэ?
–Үгүйсгэл, шүүмжлэл, хов жив, шударга бус өрсөлдөөн, хардалт . Энэ бол ажилтан хоорондын зөрчлийн илрэл юм. Эдгээр хүчин зүйлс нь ажилтны сэтгэл санааны тогтвортой байдлыг алдагдуулдаг. Мэдээж олон эмэгтэй ажилтантай газар хов жив гардаг. Муу цуу яриа, хов жив хурдан тархдаг.
Өөрийгөө бодитоор үнэлж чаддаг хүн хов жив ярьдаггүй. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө асуудлыг шийдэж чаддаг эмэгтэй бусдын асуудал руу ордоггүй гэсэн үг. Харин эсрэгээрээ хувийн асуудлаа шийдэж чаддаггүй хүн бусдыг стрессдүүлдэг.
Өөрийгөө бодитоор харж үнэлж чадахгүй хүн хэн нэгнийг бодитоор үнэлж чадахгүй. Хэн нэгнийг бодитоор үнэлэхгүй байна гэдэг нь хэрүүл маргааны үндэс болдог. Худлаа зүйлд өгөх хариу үйлдэл нь уур бухимдал байдаг.
–Байнгын стресстэй байх нь депресс үүсгэдэг гэж сонссон. Стресс хүндэрснээр депресс үүсдэг. Тэгвэл стрессээс депресс хүртэлх үе шат байх уу?
–Стрессийн гурван үе шат байдаг. Нэгдүгээрт, стресст маш хүчтэй хариу үйлдэл үзүүлнэ. Энэ нь уур бухимдалтай, тайван байж чадахаа болино, түгшүүртэй байдалд байна гэхчлэн. Хоёрдугаарт, дасан зохицох, сүүлийнх нь хэвийн мэтээр хүлээж авдаг болно. Биед илрэх шинж тэмдэг нь нойрны асуудал үүснэ. Шөнө амарч чадахаа больж, өглөө эрт сэрдэг болно. Энэ байдал нэг сар хүртэлх хугацаанд үргэлжилбэл сэтгэцийн эмчид заавал хандах хэрэгтэй. Ингэж хүндрэхээс нь өмнө сэтгэл зүйчид хандаж болно. Хүмүүс юу юугүй нойрны эм хэрэглэдэг нь буруу. Үүнээс гадна цусны даралт ихсэх, чихрийн шижин, дархлааны өвчнүүд, ходоодны шарх, зарим төрлийн хавдар өвчнүүд стрессээс үүдэлтэй. Стресс хүндэрснээс сэтгэл гутрал буюу депрессийг бий болгодог. Депрессийн үед зайлшгүй сэтгэл зүйн эмчилгээ шаардлагатай болж байна гэсэн үг. Сэтгэцийн эмч сэтгэл засалчид хандах ёстой. Энгийн аргуудаар эмчлэгдэхгүй. Эмэн эмчилгээ шаардагдах эсвэл давхар заслаар эмчилдэг.
-Ярилцлагынхаа төгсгөлд стрессээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар уншигчдад зөвлөгөө өгөөч?
-Өөртөө тавих анхаарлаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Аливаа бухимдал үүсгэсэн орчноос зайлсхийх, ажлаа зөв зохицуулах, хүнд үгүй гэж хэлж сурах нь чухал. Мөн тулгамдсан асуудлаа ярьж зөвлөгөө авдаг найз нөхөд байх шаардлагатай. Сонирхолтой клубт нэгдэх, дуу хөгжим сонсох, спортоор хичээллэх, бүжиглэх зэргээр хөдөлгөөнөө нэмэгдүүлэх ёстой.
Биеийн хөдөлгөөн бол стрессээс ангижруулдаг гол эм. Тийм учраас хөдөлгөөний дасгалуудыг зайлшгүй хийж байх нь чухал. Хүмүүстэй эелдэг харилцаж инээмсэглэснээр, тайван амгалан орчныг бүрдүүлнэ. Өөрөө байнга стресст ороод байвал, таны хажуу дахь хүн стресст өртөхгүй байх боломжгүй.
Стрессийг удаан хугацаагаар өөртөө агуулахгүйгээр биеэсээ зайлуулж байх нь их чухал. Ингэхгүй бол хүндээр өвдөх болон ажлын байрны бүтээмж мууддаг. Эцсийн бүлэгт хувь хүн өөрөө өөрийгөө стрессээс хамгаалж, ажлын цагийг зөв зохицуулах, амралтын өдрүүдээр давхар ажил хийхгүй байх, тогтмол цагаар зөв зохистой хооллох, дуртай зүйлээ хийх, хорт зуршлаас сэргийлэх, ямар нэгэн зөрчилдөөнөөс болон сөрөг мэдээллээс зайлсхийх шаардлагатай.
Эх сурвалж: www.news.mn

Хөндүүр сэдэв: Амжилтын ард нуугдсан хүчирхийлэл
Тамирчны алдар хямдхан олддоггүй. Гялалзсан их амжилтын цаана олон жилийн тэсвэр хатуужил, хөлс хүч, байгалиас заяасан авъяас дээр нь хувийн амьдралаа золиослоход ч хүрдэг. Гэхдээ амжилт гаргахын төлөөх энэ бүх олон саад бэрхшээлийг үнэгүйдүүлж, хүсэл мөрөөдлийн их жигүүрийг тас татаж хаядаг хамгийн том “дайсан” нь ялагдал, бэртэл гэмтэл, чадварлаг өрсөлдөгчид биш. Тэдний эрхэм багш нь хэмээх дасгалжуулагчид нь аж. Эмэгтэй тамирчдад үзүүлж буй бэлгийн болон сэтгэл санааны хүчирхийлэл нь тэдний амжилтаас хойш нь чангааж, бас зарим тохиолдолд спортын салбараа гомдол дүүрэн нулимстай орхих нь ч бий.
БЭЛГИЙН ДАРАМТ, СЭТГЭЛ САНААНЫ ХҮЧИРХИЙЛЛЭЭС БОЛЖ МӨРӨӨДЛӨӨ ОРХИСОН
“Би өөрөө бэлгийн дарамтад өртөхөөсөө өмнө өртсөн нэг эмэгтэй тамирчиндаа туслахыг хичээн ажиллаж байсан ч санаснаараа ажлаа дуусгаж чадаагүй. Энэ тохиолдол бол сэтгэл санааны хувьд маш их цохилт болдог. Мартагдахааргүй, мөн ажил дээрээ гадуурхагддаг болдог тул ажлаасаа гарч дуртай ажил, зорилгоо бүгдийг нь орхих болсон нь харамсалтай” гэж “Эмэгтэй удирдагч санг”-ийн судалгаанд оролцсон тамирчин эмэгтэй хэлжээ. Тэрбээр “Спортын салбар дахь жендэр ба эмэгтэй тамирчдын эрх” судалгааны үеэр ганцаарчилсан уулзалтад оролцохдоо ийнхүү ярьжээ. Тэр бол тамирчин, тамирчин явсан монгол бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл.
Нийгмийн хамгийн гэгээлэг салбарынхны нэг болсон спортынхонд бэлгийн дарамт далд хэлбэрээр амь бөхтэй оршиж буйг “Эмэгтэй удирдагч сан”-гийнхан олон нийтэд ил болгож чадсан юм. Тус сангаас энэ жил хийсэн судалгааны ганцаарчилсан уулзалтад хамрагдсан есөн хүн спортын салбарт бэлгийн дарамт байгаа, гарч байсан тохиолдлуудын талаар хэлсэн бол бэлгийн дарамтад өртөж байсан ч өөрт нь муу зүйл тохиолдохоос айж, хэлэхээс татгалзсан 15, өөр тамирчинд ийм зүйл тохиолдсон талаар сонссон 20 тамирчин байжээ. Харин энэ төрлийн дарамтад өртсөн талаар гомдол ирж байсан эсэхийг Холбооны удирдах албан тушаалтнуудаас тодруулахад 50 хувь нь “Тийм” гэж хариулсан байна.
Спортын салбарынхны нэр хүндийг гутааж буй уг асуудал анх удаа яригдаж буй биш юм. Тухайлбал, 2011 онд хүндийн өргөлтийн тамирчин мөн 2012 болон 2015 онд буудлага, боксын эмэгтэй тамирчдаас бэлгийн дарамтад өртөж байсан. Сүүлийн тохиолдол одоо хүртэл шийдэгдээгүй. Тамирчин шүүхэд хандсан. Энэ тохиолдлууд ил гарч мэдэгдсэн гэдгийг спортын салбарын нэр бүхий удирдах ажилтан дээрх судалгаанд оролцохдоо хэлжээ.
Ялангуяа ганцаарчилсан спортын тамирчин охидод ийм дарамт байнга ирдэг гэнэ. Жүдо, чөлөөт бөх, хүндийн өргөлт зэрэг спортын төрлүүд нь өөрөө харилцан контакт дээр суурилдаг, тухайн тамирчны биед нь дасгалжуулагч хийгээд хэн нэгэн хүрэхээс өөр аргагүй. Гэтэл биед нь хүрэх зайлшгүй нөхцлийг далимдуулах тохиолдол олон удаа давтагддаг болохыг эмэгтэй тамирчид хэлжээ. Энэ талаар 2002 оноос хойш Жендерийн тэгш эрхийн асуудлаар тасралтгүй ажиллаж буй “Эмэгтэй удирдагч сан”-гийн тэргүүн М.Болормаагийн хэлснээр тус төвөөс энэ оны зургадугаар сард спортын салбарт явуулсан судалгаанд оролцогчид дасгалжуулагчид биед нь хүрэх, эмзэг цэгт олон удаа хүрэх тохиолдол давтагдаж байсан аж. Ялангуяа жудо бөх, хүндийн өргөлт зэрэг спортын төрөлд ийм төрлийн бэлгийн дарамт байгаа нь судалгааны дүнгээс ажиглагдсан байна. Тиймээс эмэгтэй тамирчид эмэгтэй дасгалжуулагчтай болох, тэдний эрүүл аюулгүй тав тухтай орчинд бэлтгэл сургуулилтаа хийх орчин нөхцлийг нь бүрдүүлэх шаардлагатай болохыг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
ЭМЭГТЭЙ ТАМИРЧДАД ЭМЭГТЭЙ ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ БОЛОХ, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ТАВ ТУХТАЙ ОРЧИНД АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ
“Эмэгтэй удирдагч сан”-гийн тэргүүн М.БОЛОРМАА:
–Бид жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг олон жил тэмцэж байна. Үүн дотор ажлын байрын бэлгийн дарамтын асуудлаар Монголд 2002 оноос эхлэн судалгаа явуулж, олон ажил зохион байгуулж ирсэн. Судалгаагаар төрийн байгууллагууд болон боловсролын салбарт ажлын байрны бэлгийн дарамт газар авч буй нь ажиглагдсан. Харин энэ жил анх удаа спортын салбарт ажлын байрны бэлгийн дарамт байдаг эсэхийг тодруулахаар судалгаа явуулсан. Судалгааны дүнгээр, спортын салбарт жендерийн талаас тусгасан хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй болох нь тогтоогдсон. Мөн бэлгийн дарамт хүчирхийлэл дасгалжуулагч, тамирчдын хооронд үйлдэгдэж буй нь судалгааны дүнгээс ажиглагдлаа. Эрэгтэй дасгалжуулагчид биеийн эмзэг цэгүүдэд далимдуулан хүрч, бэлгийн дарамт үзүүлэх эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмэгтэй тамирчдад эмэгтэй дасгалжуулагч байх хэрэгтэй. Эмэгтэй тамирчид тусдаа хувцас солих өрөөтэй байх, тусдаа душ, саун, ариун цэврийн өрөөтэй байх, холын бэлтгэлд эрэгтэй эмэгтэй тамирчид дасгалжуулагчид тусдаа байх гэх мэт маш олон асуудлыг шинэчилж өөрчлөх шаардлагатай талаар бид Биеийн тамир спортын хороо, Үндэсний олимпийн хороонд зөвлөмж хүргүүлсэн. Энэ зөвлөмжийг удахгүй хэрэгжүүлж спортын салбарт олон шинэчлэлтийг бий болгоно гэдгийг шийдвэр гаргах түвшний хүмүүс нь хэлж, санамж бичиг байгуулсан гэлээ.
ДАСГАЛЖУУЛАГЧИД ЭМЭГТЭЙ ТАМИРЧДАДАА БИЕ БОЛОН СЭТГЭЛ САНААНЫ ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЗҮҮЛДЭГ
Энэ бүхнээс гадна эмэгтэй тамирчдын эрх маш ноцтойгоор зөрчигддөг олон асуудал бий. Тэмцээний өмнө жингээ үзүүлэхийн тулд эрчүүд дунд нүцгэн жин дээр зогсохоос өгсүүлээд олон “ичмээр”-ийг давдаг аж. Жин үздэг хяналтын баг, шүүгч, дасгалжуулагчид ихэнхдээ эрэгтэйчүүд учраас тэр. Спортын ертөнц хатуу, тухайн оролцох гэж буй тэмцээн нь 55 кг жин гэж заасан л бол тэр л жиндээ байх ёстой. Хэрэв 100 гр илүү байгаа тохиолдолд шаардлагатай бол дотуур хувцсаа тайлахаас өөр аргагүй аж. Гэтэл хэчнээн эр зоригтой, тэсвэр хатуужилтай тамирчин байсан ч эмэгтэй хүнийхээ хувьд энэ нь тэдний эрхийг ноцтой зөрчиж буй асуудал мөнөөс мөн. Ганцаарчилсан спортын тамирчин охидын хувьд мэх заалгах, арга техникийн сургуулилтын үеэр дасгалжуулагч болон бусад нь биед хүрэх нь бас л “ичмээр”-ийн нэг. Энэ мэтчилэн тэд олон “ичмээр”-ийг давж, саад бэрхшээлтэй нүүр тулдаг ч бэлгийн болон сэтгэл санааны хүчирхийлэл нь хувийн амьдрал, амжилтаас нь хойш татсаар байна.
Хохирогч болсон эмэгтэй тамирчдын хувьд ихэнх нь хаана хэнд хандахаа мэдэхгүй, мэдсэн ч сэтгэлзүйчид хэлэх, хамт олноосоо санаа зовдог нь бэлгийн дарамт нуугдмал байдалтай лавшрах нэг шалтгаан болдог аж. Энэ талаар судалгаанд оролцсон эмэгтэй тамирчид бэлгийн дарамт нуугдмал хэлбэрээр байдаг гэж хариулсан ч ихэнх нь өргөдөл гомдол гаргаж байгаагүй гэж хариулжээ. Мөн эмэгтэй тамирчдад биеийн болон сэтгэл зүйн дарамтыг дасгалжуулагчдын зүгээс үзүүлдэг гэж хариулсан байна. Тэд “чимээгүй” байдгийн шалтгаан нь Шигшээ багийн тамирчны бүрэлдэхүүнээс хасагдах, уралдаан тэмцээнд оролцох эрхээ алдах, цаашид спортын төрлөөрөө хичээллэх боломжгүй болох вий гэсэн айдас, болгоомжлол зэргээс шалтгаалан тэвчээд өнгөрдөг аж. Гэтэл энэ байдал нь тэвчээр бус харин чимээгүй өнгөрснөөрөө нэр төрөө улам алдах, өөртөө итгэлгүй болох, тухайн этгээдийг давраах нөхцлийг нь бүрдүүлдэг болохыг “Эмэгтэй удирдагч сан”-гийнхан тодотгож буй. Тус сангийн тэргүүн М.Болормаа “Тухайн хүний нэр хүнд, хамт олон, гэр бүл салалт зэрэг олон асуудал байдаг учраас эмэгтэйчүүд төдийлөн бэлгийн дарамтын хохирогч болсноо ярьж, ил болгож чадахгүй байна. Ялангуяа тамирчдын хувьд бэлгийн дарамтад өртөж байгаа хэрнээ ил болгож чадахгүй байгаа нь амьдрал, ажилтай нь салшгүй холбоотой. Нөгөөтэйгүүр эмзэг газар нь хүрэх, бэлгийн сэдэлтэй онигоо ярих зэргийг манайхан ердийн үзэгдэл мэтээр хандаж байгаа учраас ажлын байрны бэлгийн дарамт лавширч байна. Ийм асуудлууд байдаг учраас бид мэдлэг мэдээллийг түгээх хэрэгтэй, хоёрдугаарт, хууль эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй. Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэхэд хүмүүст мэдлэг олгох нь чухал, хууль эрхзүйн орчныг сайжруулснаар энэ төрлийн хэргийг бууруулж чадна” хэмээсэн юм.
Хэдийгээр спортын салбарынхан тамирчдынхаа эрүүл мэнд, сэтгэлзүйд багагүй анхаардаг боловч тэр тусмаа сэтгэлзүйчид нь нарийн мэдрэмжтэй ажиллах ч шаардлага байгаа юм. Тус салбар тамирчдынхаа эрүүл мэнд, сэтгэл зүйг анхаарсан бүхэл бүтэн эрүүл мэндийн хүрээлэнтэй. Гэвч тэмцээний өмнөх болон дараах сэтгэлзүй, ахуй амьдралтай холбоотой сэтгэл санааны байдлыг нь анхаардгаас бус хохирогч болоод буй тамирчдын сэтгэлзүйг анхаарах, тэдний мэдээллийг нууцлах нь хамгаас чухал болоод байгаа юм. Учир нь бэлгийн дарамтын хохирогч болсон эмэгтэй тамирчид хамт олноосоо санаа зовох, ичих мэдрэмжээсээ болоод сэтгэлзүйчид асуудлыг хэзээ ч ярьдаггүй байна.
Тэгвэл спортын сэтгэл судлаач З-гийн хэлснээр тамирчид сэтгэлзүй болон хууль эрхзүйн мэдлэгтэй болсноор өөрт тохиолдож болох эрсдлээс урьдчилан сэргийлж болох аж. Түүний хэлснээр бэлгийн дарамт болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн тамирчин хэзээ ч амжилт гаргаж чадахгүй. Тиймээс өөрт тохиолдож буй асуудлыг нарийн мэдэж, тодорхойлдог байх, сэтгэлзүйн боловсрол мэдлэгтэй болох шаардлагатай, мөн сэтгэлзүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг зөвлөсөн.
БЭРХШЭЭЛИЙГ ДАВАХ ХҮЧ ТАМИРЧИН ХҮН БҮРТ БИЙ
Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, практик сэтгэл судлаач, спортын сэтгэл судлалын докторант Б.Золзаяатай энэ талаар цөөн хором ярилцлаа.
-Тамирчид бэлтгэл сургуулилтдаа анхаардаг шиг сэтгэлзүйдээ хэр их анхаардаг вэ. Сэтгэл зүйчид хандаж буй тамирчид ихэвчлэн ямар асуудлаар тусламж, зөвлөгөө авдаг бол?
-Тамирчид сэтгэл зүйчид хандахыг хүсдэг хэрнэ хаана, яаж, хэнд хандахаа мэддэггүй бас төлбөр төлөх боломжгүй зэрэг олон шалтгаанаас хандах нь ховор байна. Манай хүрээлэнгийн спортын сэтгэл зүйн алба энэ оноос албан ёсны тусгай хөтөлбөрийн дагуу тамирчидтай ажиллаж эхэлсэн. Өмнө нь ийм өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаагүй. Бид цөөхөн тамирчидтай ажиллаж тэд маань амжилт гаргаж байсан тохиолдол бол байгаа. Өөрөөр хэлбэл албан ёсоор нэгдсэн зохион байгуулалттай алба ажиллаж эхэлснээр олон тамирчид ирэх байх бодол байгаа. Тухайлбал бид спортын сэтгэл зүйн хөтөлбөр боловсруулж их спорт эмэгтэйчүүд төрийн бус байгууллагатай хамтран өндөр зэргийн эмэгтэй тамирчидтай ажиллаж эхлээд удаагүй байна. Хөтөлбөрийн үр дүн сайн гарах байх гэсэн итгэл байгаа. мар үед спортын сэтгэл зүйчид ханддаг вэ гэвэл тамирчдын хувьд дийлэнх нь тэмцээн уралдаанд дараалан олон ялагдсан тохиолдолд мөн бэртэл гэмтэл авах, урт том зорилго тавьсан хугацааны бэлтгэлжилтийн дараа уралдаан тэмцээндээ амжилтгүй оролцох зэрэг шалтгаануудаас сэтгэл зүйчид хандах тохиолдлууд байгаа. Бас тамирчин дасгалжуулагч төдийгүй гэр бүлийн гишүүд хоорондын харилцааны асуудал нь сэтгэл зүйч дээр ирэх нэг шалтгаан болдог. Мөн тамирчдын өөртөө итгэх итгэл, өөрийн үнэлэмж, урам зориг нь хугарсан үед ч бидэн дээр ирэх тохиолдлууд байгаа. Эдгээр бүх шалтгаан нь сэтгэл санаагаар унаж урам зориг хугарахад хүргэдэг учраас сэтгэл зүйчээс зөвлөгөө тусламж авах хэрэгцээ тамирчдад их байдаг гэж бодож байна. Жишээлбэл тамирчид хамгийн өндөр стресст өртөх магадлалтай байдаг гэсэн судалгааны үр дүнгийн талаар саяхан олж уншсан. Тиймээс сэтгэл зүйчид хандаж байгаарай.
–Тамирчид сэтгэлзүйн бэлтгэл хангахын тулд сэтгэл зүйчтэй хамтран ажиллах шаардлагатай юу?
-Сэтгэл зүйчид хандаж байгаа бас нэг томоохон эерэг шалтгаан нь тамирчид тив, дэлхий, олимпын уралдаан тэмцээнд оролцохоосоо өмнө сэтгэл зүйн бэлтгэлээ хангах зорилгоор ирж байгаа энэ нь дандаа сөрөг асуудал үүсэхээр ирдэг гэсэн үг биш. Өмнөх амжилтаа ахиулах зорилгоор гэсэн үг. Тамирчин хүн өөрийн сэтгэл зүйгээ бэлтгэх гэдэг нь техник, тактикийн бэлтгэлийн төлөвлөгөөтэй ижил тодорхой цаг хугацааг тусгасан төлөвлөгөө хөтөлбөртэй, сэтгэл зүйн зүйн дасгал даалгавар бүхий сургалт, тренингтэй, сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөг явуулах гэх мэт шинжлэх ухааны үндэслэл бүхий хөтөлбөр юм. Спортын сэтгэл зүйчдийн хувьд тухайн тамирчныг амжилт гаргахад нь санаа бодол болон тархийг нь дасгалжуулж тэдэнд тусалж дэмжих ажлуудыг явуулдаг. Бидний энэ зорилго биелэх эсэх нь тамирчин хүн өөрийн хүсэл сонирхол, хичээл зүтгэлээс маш их хамааралтай байдаг. Тамирчин хүний өөрөө сэтгэл зүйн дасгал даалгаврыг хийх хичээл зүтгэлийн үр дүнд сэтгэл зүйн бэлтгэл ч мөн адил хангагдана. Нэмээд хэлэхэд сэтгэл зүйч, дасгалжуулагч, тамирчин гурвын харилцан хамтын ажиллагаа маш чухал төдийгүй итгэлцлийн харилцаа үүссэн үед амжилт заавал ирдэг. Итгэлцлийн үндсэн дээр амжилт гаргасан тод томруун жишээнүүд зөндөө бий.
-Сэтгэл санаа тогтворгүй байх нь тэмцээнд ялагдах гол шалтгаан болох уу?
-Тамирчны сэтгэл санаа тавгүй, тогтворгүй буюу ямар нэг асуудалд зовниж түгшсэн, айж сандарсан байгаа бол мэдээж тухайн спортдоо амжилт гаргаж чадахгүй. Сэтгэл зүйн тогтворгүй байдал хувь хүний амжилтад сөргөөр нөлөөлнө. Энэ тогтворгүй байдал нь тамирчин хүнээс хүлээж байдаг амжилт түүнээс үүдэлтэй дарамт, стресс зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалж болно. Тухайн тамирчны гаргасан амжилт ч бай ялагдал ч бай аль алинд дасгалжуулагч нөлөөлдөг чухал хүн нь байдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл дасгалжуулагч тамирчин хоорондын харилцаа сайн байх хэрээр амжилт гаргах магадлал өндөр байх нь тодорхой. Үүнтэй ижил дасгалжуулагчийн зүгээс ямар нэгэн дарамт, ямар нэгэн хүчирхийлэл үүсч харилцаа түгшүүртэй байдалд байгаа бол тамирчны амжилт төдийгүй сэтгэл зүйд маш ихээр сөрөг нөлөө үзүүлнэ. Мөн тамирчны цаашдын өсөлт хөгжил, амжилт зогсох нэг хүчин зүйл болно. Дарамт хүчирхийлэл нь сэтгэл зүйн хувьд тамирчныг ялгаварлан гадуурхах, үл хайхрах, ганцаардуулах, санаа бодлыг нь хүлээж авахгүй байх гэх мэт нөхцөлүүдэд ч үүсч бий болно. Тиймээс тамирчны сэтгэл санаа тайван байх нь амжилтын нэг томоохон хүчин зүйл юм. Стрессийн хүчийн зүйл хэдий чинээ олон дахин давтагдаж үүсэх тусам тамирчны хандлага, урам зориг хугарсаар цаашид өрсөлдөх чадвараа алдаж өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэхэд асуудал гарна.
-Амжилт гаргасан тамирчдын цаана дарамт хүчирхийлэл байдаг гэх асуудал сүүлийн жилүүдэд манай улсад төдийгүй дэлхий дахинд хөндөгдөж байна. Сэтгэл санааны дарамтад өртсөн ч тухайн тамирчин амжилт гаргах боломж бий юу?
-Дарамт гэдэг бол сэтгэл зүйн хувьд тайван биш байгаа бүхий л нөхцөлүүдийг хэлж болно. Тамирчин хүн ямар нэгэн дарамт шахалт, эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол тэдний хувьд амжилт ярьж чадахгүй. Ийм нөхцөлд томоохон уралдаан тэмцээнд амжилт гаргана гэдэгт миний зүгээс илтгэлгүй байна. Нөгөө талаас тухайн тамирчин дарамт, хүчирхийлэлд өөрийгөө өртөж байгааг хэвийн зүйл мэтээр ойлгож бодит байдлыг ухамсарлахгүй, нэр төрөө сэвтээхээс санаа зовох, хэн нэгэнтэй харилцаагаа муутгахаас санаа зовж тэр зүйлтэйгээ эвлэрч байгаа бол сэтгэл зүйн хувьд энэ мөн л маш том асуудлуудын нэг. Хэн нэгэн тамирчин аль нэг хүчирхийллийн хохирогч нь болж байгаагаа мэдсэн хэрнээ хэлж илэрхийлж чадахгүй яваа бол амжилт гаргах тухай ярих боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тамирчин хүний амьдралын зорилго спортын зорилго хоёр өөр өөр байдаг. Тэгвэл туршлага багатай тамирчид амьдралын зорилгоо зөвхөн спортын амжилтаар хязгаарлаж хэт спортын амжилт гаргах руу анхаарлаа хандуулснаар өөрийн үнэт зүйлээ алдаж болох юм. Энэ тийм ч сайн зүйл биш гэж бодож байна. Тиймээс тамирчид ямар нөхцөл байдалд бэлтгэл сургуулилтаа хийж байгаагаа бодитоор үнэлдэг байх нь чухал. Бодит нөхцөл байдлыг ойлгохын хэрээр мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах нь ач холбогдол өндөртэй болохыг би маш олон удаа хэлж байна. Иймээс ч бид тамирчдад сэтгэл зүйн боловсрол олгох чиглэлээр сүүлийн үед маш олон ажлыг явуулахаар төлөвлөж байгаа. Эцсийн бүлэгт ямар нэг дарамт хүчирхийллийг хараад дуугүй өнгөрөх эсвэл өөрөө тэр зүйлтэйгээ эвлэрвэл тамирчид өөрсдөө л хохирогч болж үлдэнэ. Тэгэхээр бидний хийх нэг чухал ажил бол эрх зүйн боловсрол, хоёрдугаарт, сэтгэл зүйн боловсролоо нэмэгдүүлэх ёстой гэж бодож байна. Тамирчид техникийн ур чадвараа дээшлүүлж өдөр бүр бэлтгэлээ хийх явцдаа нийгмийн салбар бүрийн талаарх мэдлэгээ дээшлүүлж байх нь эцсийн том зорилгодоо хүрэхэд тустай. Ажлын байран дээр үүсдэг бэлгийн дарамт спортын салбарт ч байгаа. Энэ асуудал зөвхөн манай улсад биш дэлхий дахинд яригдаж байгаа тулгамдсан асуудал болоод байгаа талаар багш дасгалжуулагч, тамирчин, мэргэжлийн судлаачид, сэтгүүлчид ярьж байна. Бид ч бас чимээгүй байж болохгүй. Зөвхөн эмэгтэй тамирчдад ч биш эрэгтэй эмэгтэй бүх л тамирчдад төрөл бүрийн дарамт шахалт төдийгүй сэтгэлээр унах, ялгаварлан гадуурхагдах, стрессдэх нөхцөл байдал тохиолдож болох учраас тайван амгалан бэлтгэл сургуулилтаа хийх хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэхэд анхаарах, тамирчдад сэтгэл зүйн болон эрүүл мэндийн боловсрол олгох нь чухал гэдгийг дахин хэлмээр байна. Мөн гэр бүлийн боловсролоо дээшлүүлэхэд нь ч тэдэнд туслах хэрэгтэй. Тамирчин бүр аюулгүй орчинд, итгэлцэл халуун дулаан уур амьсгал дунд бэлтгэл сургуулилтаа базаах орчин нөхцөлийг бүрдүүлснээр амжилтаа ахиулах боломжтой гэдэгт итгэлтэй байна.
ТАМИРЧИД ДУУГАРЧ ЭХЭЛСНЭЭР АСУУДЛЫГ ШИЙДЭЖ БОЛНО
Спортын салбарт ужгирч буй бэлгийн дарамтыг тамирчид нуух биш зоригтойгоор илэрхийлэх, тэднийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, олон нийт үүний эсрэг дуу хоолойгоо нэгтгэснээр энэ асуудлыг бүрэн шийдэж чадна гэж мэргэжилтнүүд зөвлөж буй. Дэлхий дахинд ч бас ийм жишээ олон бий. Өнгөрсөн жилээс олон улсад өрнөж эхэлсэн бэлгийн хүчирхийллийн эсрэг #MeToo хөдөлгөөн энэ оны нэгдүгээр сард Өмнөд Солонгосын спортын ертөнцийг донсолгосон. Гүйлтийн тэшүүрийн алдарт тамирчин, олимпийн хошой аварга Шим Сук Хиг дасгалжуулагчдаа хүчирхийлүүлж байснаа илчилж, дасгалжуулагчийнхаа эсрэг зарга үүсгэсэн нь солонгосчуудыг шуугиулсан. Тамирчин Шим Сук Хигийн дасгалжуулагч нь түүнийг байнга зодож, дарамталдаг байсан бөгөөд 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн өмнөхөн ч бас толгой руу нь хүчтэй цохиж, гэмтээснийг “Сөүл Шинмүн” сонинд нийтэлж байв. Түүнийг хүчирхийлж байсан дасгалжуулагчид хатуу шийтгэл ногдуулахыг хүссэн цахим өргөдөлд 246 мянга орчим хүн гарын үсэг зурсан байдаг. Гүйлтийн тэшүүр, газрын тенниснээс гадна жүдо, таеквондогийн эмэгтэй тамирчид ч бас дасгалжуулагчдадаа хүчирхийлүүлдэг байснаа илчилж #MeToo хөдөлгөөнд нэгдэж байсан юм. Тухайлбал, жүдогийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Си Ю Ён, зодог тайлсан таеквондогийн тамирчин тэргүүтэй хүмүүс өөрийнхөө түүхийг зориг гарган дэлгэсэн түүхтэй.
Эх сурвалж: www.news.mn