Хүүхдүүд тань хоорондоо хэрэлдээд зодолдоод байна уу? Хүүхдэд маргаан зөрчилдөөнийг хэрхэн шийдэхийг заах нь

Хүүхдүүдийн хооронд маргаан зөрчилдөөн гарах нь энгийн үзэгдэл. Гол нь гарах маргаан зөрчлийг шийдэх чадварыг хүүхдүүдэд заах нь чухал. Хүүхдүүд тань хоорондоо хэрэлдэн муудалцах үед, эсвэл өөр бусад хүүхдүүдтэй маргалдан тэрсэлдэх үед хүүхдэдээ яаж маргааныг зохицуулах хэрэгтэйг зааж сургах хэцүү. Мөн хэзээ өөрийн биеэр маргаанд нь оролцох, хэрхэн оролцох гэх мэтийг шийдэхэд танд хэцүү санагдаж магад.
Маргаан зөрчилдөөнийг яаж шийдэх тухай хүүхдэдээ хэрхэн заах вэ?
- Хүүхдүүдийнхээ маргаан зөрчилдөөнийг анхааралтай анзаараарай (Ингэснээр хэн ч гэмтэж, гомдож үлдэхгүйгээс гадна, боломжит ёс бус үйлдэл, хэв маяг, зан төлөвийн хүчирхийллийг анзаарах боломж олдоно). Дундуур нь ролцохоосоо өмнө хүүхдүүд өөрсдөө хоорондох маргаан зөрчилдөөнийг шийдэж чадаж байна уу гэдгийг ажиглахыг хичээгээрэй. Гэхдээ хүүхдийн нас бага байх тусмаа асуудлыг шийдвэрлэхэд таны тусламж оролцоо хэрэгтэй болох нь дамжиггүй гэдгийг санаарай.
- Хэн нэгний талд орж, аль нэг хүүхдийг илт өмөөрөхгүй байх.
- Эхлээд маргалдаж муудалцсан байгаа хүүхдүүдийг тайвшруулаарай. Харин дараа нь загнаж зандрахаасаа өмнө юу болсон тухай тайвнаар асуугаарай.
- Хүүхдүүддээ маргаан зөрчилдөөнийг бие даан шийдвэрлэхэд хэрэгтэй чадваруудыг олж авахад нь түлхүү туслаарай. Яаж бие биетэйгээ тохиролцох, нэгнээ хүндлэх, тэнцүү хувиарлаж авах зэргийг зааж зөвлөж болно. Энэ мэтчилэн аргыг нь та хэлж өгвөл яваандаа хүүхдүүд тань маргаан зөрчилдөөнийг өөрсдөө итгэл дүүрэн шийдэж чадна.
- Бүү хүүхдүүдрүүгээ хашхирч, загнаж, үглээрэй. Угаасаа ер тусгүй.
- Маргаан гарахад аль аль талаас заавал нөлөөтэй л байдаг учраас хэн “эхэлсэн, эхлүүлсэн” нь огт хамаагүй. Дүрэм зөрчигдсөн л бол хүүхдүүдэд хариуцлагыг тэнцүү тооц.
- Маргааны үед хүүхдүүдэд тань ямар сэтгэл хөдлөл, мэдрэмж (жишээ нь уур, үзэн ядалт, гомдол, ичгүүр, цухалдал г.м) төрснийг илэрхийлэх боломжийг хүүхдэдээ заавал өгөөрэй. Тэрхүү сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдээс нь зайлсхийх гэж бүү оролд. Харин ч мэдрэмжээ үгээр илэрхийрхийлэх чадварт сургаснаар дуугаа өндөрсгөж, хашхирч, хараалаар зүхэж, хүч хэрэглэлгүйгээр маргаан зөрчилдөөнийг шийдэхэд суралцана.
- Хоёр талд хоёуланд нь ашигтайгаар дуусах хожил-хожил гэсэн тохиролцоонд хүрэх талаас нь заан дэмжиж өгөөрэй.
- “Гурав хүртэл тоолж амьсгаа ав” гэх мэт маргаан зөрчлөөс урьдчилан сэргийлэх аргыг хүүхдүүдэд зааж өгч болно.
- Хүүхдүүд нэгнээ хэрүүл маргаанд өдөж эхлэх үед, эхлээд төрж буй, дотроо мэдэрч буй сэтгэл хөдлөл мэдрэмжээ (жишээ нь уур, үзэн ядалт, гомдол, ичгүүр, цухалдал г.м) нэгэндээ үгээр илэрхийлэхийг хичээх ёстойг нь сануулаарай.
- Хүүхдүүдэд өөрсдийнхөө асуудлыг бие даан шийдвэрлэх боломж, орон зайг олгоорой. Аль болох бүү оролц. Зөвхөн боломжит арга, заавар, чиглүүлгээр хангаж өөрсдөөр нь эцсийн шийдвэрийг гаргуул.
- Хэрэв та хүүхдэдээ байнга уур бухимдалтай ханддаг бол таны хүүхэд бусад хүүхдэд бухимдалтай хандах нь мэдээжийн хэрэг. Тиймээс та өөрөө өөрийнхөө уур бухимдлыг удирдан зохицуулж сурч байж хүүхдэдээ зааж чадна гэдгийг санаарай.
- Та хүүхдүүдтэйгээ болон бусад гэр бүлийн гишүүдтэйгээ харилцахдаа гарч болох хэрүүл маргаан зөрчилдөөнийг зөвөөр шийдэж байж хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлнэ гэдгийг санаарай.
Би ямар тохиолдолд хүүхдүүд хоорондын зөрчилдөөнд өөрийн биеэр оролцох ёстой вэ?
Хүүхдүүдийн хооронд аюултай зодоон цохион болж байвал даруй зогсоогоорой. Тэднийг салгаад, тайвширсных нь дараа тайвнаар юу болсон тухай ярилцангаа цохих, зодох, гар хүрэх гэх мэт ямар ч төрлийн хүчирхийлэл огт зөвшөөрөгдөхгүй гэдгийг тодорхой хэлж ойлгуулах хэрэгтэй.
Хэрэв хүүхдүүд тань байнга:
- Хоорондоо бие мах бодийн хүнд хохирол учруулмаар зодолдож, догшин харилцаатай байдаг бол
- Эсвэл нэг хүүхэд нь байнга хохирогч болон хоцордог, буцаж тэмцэж биеэ хамгаалдаггүй, ах/эгчээсээ маш их айдаг бол “ах/эгч дүүсийн хүчирхийлэлтэй” тулгарсан байна гэж та ойлгоорой.
Дээрх тохиолдлуудад та яаралтай мэргэжлийн тусламж, зөвлөгөө чиглүүлэг авагтун.
Дүрэм тогтоох нь
Дүрэм зохиож хүүхдүүддээ танилцуулснаар хүүхдүүд хоорондын маргаан зөрчилдөөнийг сэргийлдэг. Дүрмээ зохиохдоо хүүхдүүдээсээ санал хүсэлтийг нь ч сонсож болно. Дараах санаануудыг сонирхоно уу.
- Маргалдаан зөрчилдөөнд хэзээ ч нэгнийгээ өвтгөж болохгүй (цохих, зодох, хөшиглөх, чимхэх г.м)
- Доромжилсон нэр хочоор дуудахгүй, хашхирахгүй, хов ярихгүй байх
- Хэрэв тоглоом булаацалдаж маргалдсан бол, тэр тоглоомыг түр хэн нь ч авалгүйгээр “хорионд” оруулна.
- Хэрэв “би нэгт” гэж хэрэлдэж маргалдсан бол тэр хүүхэд хамгийн сүүлд байх болно.
- Шийтгүүлж байгаа хүүхдийг шоолсон хүүхэд хамт шийтгүүлэх болно.
- Машинд маргалдаж зодолдохгүй байх, эс бөгөөс машинаа зогсоож бүгд тайвширсны дараа хөдлөх (замын хөдөлгөөнд оролцох) болно.
- Хэрэв хүүхдүүд тань “хэн машины цонхон талын суудал дээр суух вэ” гэж маргалдаж хэрэлдэж байгаа бол “долоо хоногийн энэ энэ өдрүүдээр чи суугаарай” гэж хүүхдүүдээрээ хуваарилан шийдүүл.
Мэдээллийн эх сурвалж: https://www.mottchildren.org/posts/your-child/teaching-children-manage-conflict